728 x 90

Ногоон автобусны худалдан авалтад шалгалт хийхийг дэмжлээ

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ногоон автобусны худалдан авалтын явцыг шалгах түр хороо байгуулах талаар хэлэлцэж байна. Түр хороо нийт 11 гишүүнтэй байна.

БНСУ-ын "Дэү" компаниас худалдан авсан автобуснуудад хяналт шалгалт хийх нь зөв гэж УИХ-ын гишүүд үзлээ. Шинээр байгуулсан түр хороо нээлттэй сонсгол хийх, эсэхийг шийдэх юм.     

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын үр дүнг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Бүх хүн төв талбайд цуглан, ногоон автобус хуучин байна гэхэд ганцхан МҮОНРТ л шинэ автобус байна гэсэн. Ийм байж болохгүй. Гүйцэтгэх захирлыг нь буруу мэдээлэл түгээсэн тул ажлаа өг гэж шаардахад үгүй гэсэн. Бүх ард түмнээс татвар авдаг атлаа ийм байж болохгүй. МҮОНРТ одоо үзэгчгүй болсон. Энэ байгууллагын Үндэсний зөвлөлд шинээр очих хүмүүс үүнд анхаараарай" гэв.

Тус телевизэд нийт 700 орчим хүн ажилладаг. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд гавж Н.Нанзаддоржийг нэр дэвшүүлжээ. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Би өмнө нь энэ байгууллагад ажиллаж байхад ч маргаан гардаг байв. Гэхдээ өнөөдрийнх шиг засаглалын хямрал гарч байгаагүй. Иймд УИХ-аас ажлын хэсэг байгуулж, тус байгууллагад ажиллах үүрэг өгсөн ч биднийг очиход гүйцэтгэх захирал А.Бүрэнбаатар байсангүй, хөдөө явжээ. Хяналтын зөвлөлийн дарга Оюун-Эрдэнэ мөн хөдөө явжээ. Үндэсний зөвлөлийн дарга Монсор нь бидэнд эфир тасалдах вий гэсэн айдастай байна. МҮОНРТ онцгой объект. Гэтэл 3-4 удирдах албан тушаалтнууд нь хэсэг бүлэг болон маргалдаж, ажилчдаа хохироож байна. Ажилчдынхаа эрүүл мэндийн даатгалыг төлөөгүй тул тэр хүмүүс эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байна.

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг Ерөнхийлөгч, УИХ гээд тал талаас томилдог. Тэдгээр хүмүүс нь намайг тэр томилсон гээд нэг баг болж чадсангүй гэв.     

УИХ-ын гишүүн Т.Аубакир: МҮОНРТ ард түмний эв нэгдлийг хангах үүрэгтэй атал казах түмнийг хагаралдуулсан зүйл үзүүлж болдог юм уу? Би МҮОНРТ-ийг урт түүхтэй, хийсэн ажилтай гэдгийг мэднэ гэв. 


Хулан
Сэтгүүлч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл