728 x 90

Хөрөнгө оруулалтын хуулийн талаар хэн, юу хэлэв?

img

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцсэн шаардлагаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр /01.10/ өрөөнд нь орж, хүлээлгэн өгчээ. Энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "Ч.Хүрэлбаатарын өргөн бариад байгаа Хөрөнгө оруулалтын гэгч хуулийн талаар Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, Г.Занданшатартай ҮАБЗ-д хамт ажиллаж байсан хүний хувьд энэ асуудлыг олон нийтээр хэлэлцүүлээч гэдгийг УИХ-ын даргад хэллээ.

Газрын асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Нэг нам дангаараа олонх байгаа тохиолдолд нарийн эмзэг асуудлыг 2024 оны сонгуулийг 126 гишүүнтэй томсгосон тойргоор явуулах гэж байгаа юм бол шинэ бүтцээрээ уг хуулийг хэлэлцүүлэх талаар хэллээ.

1993 онд тавигдсан Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн 100 мянган долларыг 2013 оны 100 мянган доллар гэж үргэлжлүүлж, толгой эргүүлсэн юм яриад байна.

100 мянган ам.долларын босго байхгүй болбол хөрөнгө оруулагч нэртэйгээр ямар ч хүн орж ирээд манай газрыг эзэмшиж, гэр бүлээрээ оршин суух нөхцөл байдлыг бий болгосон цоорхой хууль болох нь. Тиймээс 2024 оны сонгуулийн дараа иргэдээрээ хэлэлцүүлэх асуудлыг ерөнхийлөгч байсан хүний хувьд санаа зовниж, АН-ын гишүүдийн төлөөлөл болсон залуусын хамт УИХ-ын даргын өрөөнд орж уулзаж, хэллээ" гэв.

Харин үүний дараа Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар цаг үеийн асуудлаар өгсөн мэдээллийнхээ үеэр, "Их хөрөнгө оруулалттай байж Монгол улс хөгжинө. Ингэснээр иргэдийн орлого нэмэгдэнэ. Гадаад ажиллаж байгаа ололн хүмүүс эх орондоо ажиллах боломж бүрдэнэ. Ийм учраас Монгол Улсын хөгжлийн хөдөлгүүр болдог хөрөнгө оруулалтын тухай хуулийг өргөн мэдүүлсэн. Ингэхдээ нэлээд олон хэлэлцүүлэг хийж оруулж ирж байгаа юм. Би Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай банк байгаасай гэж хүсдэг. Яагаад гэхээр одоо арилжааны банкууд олдохгүй, хүү өндөртэй. Гадны банкууд орж ирвэл өрсөлддөг, хүү буурдаг, зээлийнхээ хүүд дарлагдаж байгаа олон Монголчуудыг дарамтаас чөлөөлж өгөх боломжийг гадаадын хөрөнгө оруулалт тус нэмэр болох юм. Тийм учраас банкны салбарт хөрөнгө оруулалт орж ирээсэй гэж хүсэж байгаа. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын их дээд сургуулиудыг байгуулж, залуучууд эх орондоо суралцах боломжийг бүрдүүлж өгөөсэй гэж хүсэж байна. Мөн гадаадын том эмнэлгүүд манай улсад үйл ажиллагаагаа явуулбал, хэдэн зуун саяар гадаад гадаад мөнгө төлдөг иргэдэд эх орондоо эмчлүүлэх боломж бүрдэх юм. Ийм учраас хөрөнгө оруулалтыг аль болох богино хугацаанд шийдэх хэрэгтэй. Би АН-ыг ардчилал зах зээлийн харилцаа, хувийн хэвшлийг дэмждэг нам гэж бодож ирсэн. Гэвч өнөөдрийн АН-ын хүмүүсийг хараад үнэхээр харамсаж байна. Монгол Улсын хөрөнгө оруулалт бол төрийн биш хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар явах ёстой. Монгол бол ардчилсан улс”гэлээ.



Хулан
Сэтгүүлч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл