Хүний төмсөгнөөс микро хуванцар илэрсэн нь сүүлийн жилүүдэд эр бэлгийн эс буурч байгаатай холбоотой байж магадгүйг судлаачид дурдлаа.
Судалгааны үр дүнд, нохойн төмсөг дэх хуванцрын агууламж 123 микрограмм байсан бол, хүний төмсөгт 330 микрограмм буюу гурав дахин их микро хуванцрын бохирдол байгааг харуулсан байна. Тухайлбал, полиэтилен хуванцар (Ус, ундаа зэргийн хуванцар сав болон нийлэг уут), түүний араас поливинихлорид (PVC\ПВХ)-ийн агууламж хамгийн өндөр байжээ. 23 хүн болон 47 гэрийн тэжээмэл нохойны төмсөгний эд эсээс авсан шинжилгээний сорьц бүрээс микро хуванцрын бохирдол илэрсэн байна. Ингэхдээ судлаачид хүний төмсөгнөөс эд эсийг нь соруулан авч хөлдөөгөөд эр бэлгийн эсийг тоолох боломжгүйгээр хадгалжээ. Харин нохойн төмсөгний дээжийг эр бэлгийн эсийг тоолох боломжтой нөхцөлд хадгалан, шинжлэхэд эр бэлгийн эсийн тоо нь багассан байж. Тэр хэрээрээ микро хуванцрын бохирдлын агууламж өндөр байгааг ч судалгаагаар тогтоожээ.
Мөн БНХАУ-ын эрдэмтдийн 2023 оны бичил хэмжээний судалгаагаар, зургаан хүний төмсөг болон 30 үрийн шингэний дээжид хийсэн шинжилгээнээс микро хуванцар илэрсэн байна. Мөн хулганад хийсэн туршилтаас харахад микро хуванцар нь эр бэлгийн эсийн тоог бууруулах, гормоны тэнцвэрт байдлыг алдагдуулдаг болохыг мэдэгджээ. Ийнхүү микро хуванцрын бохирдол ихсэж, эр бэлгийн эсийн тоо буурч байгаа нь хоорондоо хамааралтай эсэхийг нарийн судалгаагаар тодорхойлох шаардлагатай болсон байна.
Сүүлийн жилүүдэд пестицид зэрэг химийн бодисын бохирдлын нөлөөллөөс хүний эр бэлгийн эс буурч байгааг тогтоогоод буй. Үүгээр зогсохгүй, хүний цус, ихэс болон хөхний сүүнд ч микро хуванцар илэрсэн нь хүний бие хуванцрын бохирдолд өртөмхий болсныг илэрхийлж байгаа аж.
Микро хуванцрын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар одоогоор тодорхойгүй байгаа боловч эд эсийг гэмтээдэг болохыг лабораторийн шинжилгээгээр тогтоогоод байна. Хамгийн ноцтой нь, хүрээлэн буй орчинд үлэмж хэмжээний хуванцрын бохирдол үүсэж, улмаар Эверестийн оргилоос далайн гүн хүртэл тархаж, бидний хоол хүнс, ууж буй ус, амьсгалж буй агаараар дамжин биед нэвтэрч байна. Микро хуванцар дахь жижиг хэсгүүд нь агаарын бохирдлын тоосонцор хэлбэрээр хуванцрын найрлагад орсон химийн бодисуудтай адил хэмжээнд хүний биед үрэвсэл үүсгэх уршигтай. Эрдэмтэд энэ оны гуравдугаар сарын эхээр цус нь микро хуванцраар бохирдсон хүн зүрхний шигдээс, цус харвалт, эрт нас барах эрсдэл өсч буйг мөн анхааруулсан.
АНУ-ын Нью Мексикийн их сургуулийн профессор Xiaozhong Yu “Хүний нөхөн үржихүйн эрхтэнд микро хуванцар нэвтэрнэ гэдэг эргэлзээтэй сонстож байсан хэдий ч нохойн төмсөгт хийсэн шинжилгээний хариу, ялангуяа хүний төмсөгт хийсэн эд эсийн шинжилгээний хариу судлаачдын эргэлзээг бүр мөсөн тайллаа” гэжээ. 2016 оноос хойш нас барсан, 16-88 насны хүмүүсийн цогцост задлан шинжилгээ хийж, дээрх судалгааны үр дүнг гарган авсан байна.
СОНИРХУУЛАХАД…
Бидний өдөр тутамдаа өргөнөөр хэрэглэдэг бараа бүтээгдэхүүнүүдэд хуванцрын агууламж их бага янз бүрийн хэмжээгээр байдаг. Бүр санаанд оромгүй, гайхмаар олон тохиолдол байдгаас цөөн хэсгийг дор дурдъя.
1. Ариун цэврийн болон гоо сайхны бүтээгдэхүүнүүд буюу арьс гуужуулагч, шүдний оо, шампунь, ангижруулагч, биеийн шингэн саван, нүүр цэвэрлэгч, нүүр будалтын бүтээгдэхүүнүүд, саатай, гялалзсан нүүр, нүдний будаг гэх мэт
2. Нийлэг эдлэлүүд буюу нейлон хувцас эдлэл, цэвэрлэгээний зориулалттай алчуур
3. Гэр ахуйн бараа буюу угаалгын нунтаг, цэвэрлэгээний бодис, будаг, хуванцар саван бүтээгдэхүүнүүд
4. Үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд буюу тээврийн хэрэгслийн дугуйн элэгдлээс үүдсэн тоосонцор, замын зураасны тэмдэг
5. Бусад буюу хар, ногоон зэрэг бэлэн цайны сав, уут, нойтон алчуур, загасчлалын хэрэгсэл, нэг удаагийн хэрэглээний живх
6. Хүнс, ундааны сав буюу савтай цэвэр ус, нэг удаагийн сав, хэрэгсэл, хуванцар сав, хэрэгсэл
7.Хүрээлэн буй орчны эх үүсвэр буюу хотын тоосжилт, далайн хог хаягдал, хөдөө аж ахуй, газар тариалангийн бүс нутгийн хөрс гэх мэт маш хүний амьдралынхаа туршид хэрэглэдэг маш олон зүйлд хуванцрын агууламж байдаг байна.